Монголд байгаа гэр бүлээ тэжээн тэтгэдэг гишүүн болгож татвараа багасгах (国外扶養親族)
Монгол дахь эцэг эх, гэр бүлээ тэжээн тэтгэдэг гишүүн болгон бүртгүүлж жилд хэдэн арван мянган иен хэмнэх боломжтой: хэнийг оруулж болох, ямар бичиг хэрэгтэй, хэзээ өгөх, мөнгөө хэрхэн явуулбал тооцогдох вэ.
Юу нь болохгүй байсан бэ?
Баярлалаа! Засахад тусална.
- Хэнд:
Ерөнхий мэдээлэл, хуулийн зөвлөгөө биш · Уншигчдын тусламжтай хөтөлдөг сайт
Үндсэн мэдээлэл япон хэлтэй албан сайтуудад тарж, олоход хэцүү байдаг тул монголоор нэг дор цуглуулж байна.
Уудам бол уншигчдын мэдээлэл, туршлагаар баяждаг олон нийтийн сайт. Сайтыг хуульч, 行政書士 биш нэг хүн сайн дураараа ажиллуулдаг тул таны засвар, нэмэлт, туршлага нийтлэлийг сайжруулахад хамгийн чухал. Санал бичих
Эх сурвалж, шалгасан огноо нийтлэлийн төгсгөлд бий. Таны нөхцөлд тохирох эсэхийг 入管 эсвэл 行政書士-ээс шалгаарай. Хаанаас лавлах вэ?
Японд ажиллаж, Монголд байгаа эцэг эх, ах дүү, хүүхэддээ мөнгө явуулдаг бол тэднийг тэжээн тэтгэдэг гишүүн (扶養親族) болгон бүртгүүлж татвараа багасгах боломжтой. Цалинтай ажилтан бол ажил олгогчийнхоо 12 сарын тооцоогоор (年末調整), бусад нь татварын мэдүүлгээрээ (確定申告) хийдэг. Гол нөхцөл нь хоёр: ураг төрлийн холбоогоо бичгээр нотлох, мөнгө явуулснаа баримтаар нотлох.
Хэнийг оруулж болох вэ
6 үе хүртэлх цусан төрөл, мөн эхнэр/нөхрийн 3 үе хүртэлх төрөл (эцэг эх, ах дүү, өвөө эмээ г.м.). Насыг тухайн оны 12 сарын 31-ний байдлаар тооцдог. Нэг хүнийг зөвхөн нэг татвар төлөгч оруулж болох тул Японд байгаа ах дүү хоёр нэг эцэг эхээ зэрэг оруулах боломжгүй.1
| Нас | Нөхцөл | Оны эцэст өгөх баримт |
|---|---|---|
| 0–15 | Орлогын татварын (所得税) хөнгөлөлт байхгүй | — |
| 16–29, 70 ба түүнээс дээш | Ураг төрөл нотлогдоход хангалттай | Мөнгө явуулсны баримт (送金関係書類) |
| 30–69 | Зөвхөн дараах тохиолдолд: гадаадад суралцаж буй, Японы шалгуураар хөгжлийн бэрхшээлтэй, эсвэл тухайн жилд танаас 38万 иенээс дээш мөнгө авсан1 | 38万-аас дээш явуулсныг харуулах баримт (38万円送金書類) |
Бичиг баримт
| Бичиг | Эх хувь эсвэл хуулбар | Хэзээ өгөх | Жил бүр үү |
|---|---|---|---|
| 親族関係書類 (ураг төрлийн бичиг) | Эх хувь + япон орчуулга | 扶養控除等申告書-тэй хамт (оны эхэнд / ажилд ороход) | Тийм, жил бүр |
| 送金関係書類 (мөнгө явуулсны баримт) | Хуулбар болно | 12 сард, 年末調整-д | Тийм, тухайн жилийнх |
1. Ураг төрлийн бичиг (親族関係書類)
Монголын төрийн байгууллагын гаргасан, тухайн хүний нэр, төрсөн огноо, хаяг бичигдсэн, таны төрөл болохыг нотлох бичиг — эх хувиар, япон орчуулгатай байх ёстой. Ганц бичгээр нотлогдохгүй бол хэд хэдийг нь хослуулж өгнө:1
| Хэнийг оруулах | Хэрэгтэй бичиг |
|---|---|
| Өөрийн эцэг эх | Таны төрсний гэрчилгээ |
| Өөрийн ах дүү | Таны болон ах/дүүгийн төрсний гэрчилгээ |
| Өвөө эмээ | Таны болон эцэг/эхийн төрсний гэрчилгээ |
| Эхнэр/нөхөр | Гэрлэлтийн гэрчилгээ |
| Эхнэр/нөхрийн эцэг эх | Гэрлэлтийн гэрчилгээ + эхнэр/нөхрийн төрсний гэрчилгээ |
| Хүүхэд | Хүүхдийн төрсний гэрчилгээ |
Иргэний үнэмлэх, жолооны үнэмлэх дангаараа ураг төрлийг нотлоход хүрэлцэхгүй.
2. Мөнгө явуулсны баримт (送金関係書類)
- Банк эсвэл бүртгэлтэй мөнгөн шилжүүлгийн компаниар (資金移動業者) явуулсны баримт, тухайлбал гадаад шилжүүлгийн хүсэлтийн хуулбар эсвэл цахим хуулга.4 Дээр нь илгээгч, хүлээн авагчийн нэр, огноо, дүн харагдаж байх ёстой.
- Эсвэл тухайн хүнд өгсөн гэр бүлийн кредит картын (家族カード) хуулга.
- Хуулбар өгч болно. Шилжүүлгийн шимтгэл баримт дээр бичигдсэн бол 38万-д тооцогдоно. Жилд 3-аас олон удаа явуулсан бол жагсаалт, эхний болон сүүлийн баримтыг өгөөд бусдыг нь хадгалж байна.2
Хэзээ, юу өгөх вэ
- Оны эхэнд эсвэл ажилд ороходАжил олгогчдоо «扶養控除等申告書» маягт дээр гишүүдээ бичиж, ураг төрлийн бичгээ өгнө (жил бүр). Үүнээс хойш сар бүрийн татварын суутгал тань багасна.
- Жилийн туршГишүүн бүрт тус тусад нь банк эсвэл бүртгэлтэй компаниар мөнгө явуулж, баримтаа хадгална.
- 12 сард — 年末調整Мөнгө явуулсны баримтаа өгч, маягтын «生計を一にする事実» хэсэгт тухайн жилд явуулсан нийт дүнгээ бичнэ.
- Хоцорсон бол: 2 сарын 16-наас 3 сарын 15確定申告 өгч, бичгүүдээ хавсаргаад хөнгөлөлтөө авна. Өнгөрсөн жилүүдийнхийг 5 жилийн дотор нөхөж мэдүүлэх боломжтой.
Хамгийн их алддаг зүйл: мөнгийг хүн бүрт тус тусад нь явуулах
Мөнгийг гишүүн бүрт өөрийнх нь нэр дээр явуулсан байх шаардлагатай. Жишээ нь эцэг эх хоёулаа 30–69 настай байхад аавдаа 76万 явуулаад «хоёуланд нь» гэж бодвол зөвхөн аав тань тэжээн тэтгэдэг гишүүнд тооцогдоно, учир нь ээж 38万-ын нөхцөлийг хангахгүй.
| Хувилбар | Аавд | Ээжид | Тэжээн тэтгэдэг гишүүнд тооцогдох |
|---|---|---|---|
| А: бүгдийг аавд | 760,000 | 0 | Зөвхөн аав |
| Б: хүн тус бүрт | 380,000 | 380,000 | Аав, ээж хоёулаа |
Хамтарсан дансанд явуулсан, эсвэл нэг хүнээр дамжуулж бусдад нь өгүүлсэн мөнгө зөвхөн дансны эзэнд тооцогддог.
Хэр их хэмнэх вэ
Хасалт (控除) нь татвараас биш, татвар ногдох орлогоос хасагддаг. Татвар нь тэр орлогын тодорхой хувь тул хэмнэлт = хасалтын дүн × таны татварын хувь. Жишээ нь 5%-ийн шатлалд 38万 хасалт 所得税-ийг 38万 × 5% × 1.021 ≈ 19,400 иенээр, 33万 хасалт оршин суугчийн татварыг (住民税) 33万 × 10% = 33,000 иенээр багасгана. Энэ мөнгө татварын алба, хот дүүрэгт очих байсан; гишүүнээ оруулбал таны цалинд үлдэнэ.
| Гишүүний нас | Хасалт: 所得税 / 住民税 | 5%-ийн шатлалд | 10%-ийн шатлалд |
|---|---|---|---|
| 16–18, 23–69 | 38万 / 33万 | ≈52,000 иен | ≈72,000 иен |
| 19–22 | 63万 / 45万 | ≈77,000 иен | ≈109,000 иен |
| 70 ба түүнээс дээш | 48万 / 38万 | ≈62,000 иен | ≈87,000 иен |
所得税-д 2.1%-ийн сэргээн босголтын нэмэгдэл, 住民税-д 10%-ийг тооцсон. Цалинтай ажилтны ихэнх нь 5% эсвэл 10%-ийн шатлалд байдаг. Цалингаас татвар хэрхэн суутгагддагийг Татвар ба цалингийн суутгал-д тайлбарласан.
Жишээ: сарын цалин 315,000 иен, ээжийгээ оруулсан. Хэмнэлт 54,900 иен (所得税 19,400 + 住民税 35,500)
Болд Токиод ажилладаг, сард 315,000 иен авдаг (цалингийн хуудасны жишээтэй ижил хүн), 60 настай ээждээ 2026 онд 38万 иенээс их явуулсан. 所得税 жилд 42,600-аас 23,200 болж, 住民税 147,100-аас 111,600 болно. Хэмнэлт сар бүр, 12 сард, дараа жилийн 6 сараас хэрхэн ирдгийг доор алхам алхмаар харуулав.
Миний татварын шатлал аль нь вэ
Жилийн цалин, суутгалын хуудсаа (源泉徴収票) харна: «給与所得控除後の金額» − «所得控除の額の合計額» = татвар ногдох орлого.
| Татвар ногдох орлого | 所得税-ийн хувь |
|---|---|
| 195万 хүртэл | 5% |
| 195万 – 330万 | 10% |
| 330万 – 695万 | 20% |
住民税 нь орлогоос үл хамааран 10%.
Хэмнэлт хэзээ, хаанаас ирдэг вэ
Хэмнэлт нэг дор биш, гурван удаа ирдэг: сар бүрийн 所得税 багасна, 12 сард буцаалт ирнэ, дараа жилийн 6 сараас 住民税 багасна. Жишээний Болдын цалингаар алхам алхмаар:
Ээжийгээ оруулахаас өмнө Болдын сарын 315,000 иен цалингаас 所得税 6,220, 住民税 10,500 иен суутгагддаг. Ээжийгээ оруулахад даатгал өөрчлөгдөхгүй, зөвхөн энэ хоёр татвар өөрчлөгдөнө. Бусад суутгалыг Татвар ба цалингийн суутгал-д тайлбарласан.
2026 оны 7 сар. Болд ээждээ энэ жил 38万 иенээс их явуулахаар болж, ээжийгээ «扶養控除等(異動)申告書» маягтад нэмээд ураг төрлийн бичигтэй нь компанидаа өгнө. Өөрчлөлт дараагийн цалингаас эхэлнэ.
8 сараас компани сарын хүснэгтийн (月額表) «гишүүн 1» баганаас уншина: 所得税 6,220 биш 4,590 иен болж, гарт сар бүр 1,630 иен илүү үлдэнэ. 住民税 хэвээр: дүүрэг ээжийн тухай одоохондоо мэдэхгүй.
12 сар: 年末調整. Болд мөнгө явуулсны баримтаа өгнө. Ээж 7 сард нэмэгдсэн ч бүтэн жилийн 38万 хасалт тооцогдоно. Илүү суутгасан 43,290 иен 12 сарын цалинтай хамт буцаж ирнэ. Үүний 11,250 нь ээжийн хасалтынх, үлдсэн нь 2026 онд үндсэн хасалт (基礎控除) нэмэгдсэнийх.
2027 оны 1 сарын 31 хүртэл компани Болдын 2026 оны цалин, хасалтыг (ээжийг оруулаад) «給与支払報告書»-ээр дүүрэгт илгээнэ. Дүүрэг үүгээр 2027 оны 住民税-ийг боддог. 1 сараас 所得税 шинэ хүснэгтээр 4,430 иен болно (ээжгүй бол 6,040).
2027 оны 6 сараас шинэ 住民税 эхэлнэ: ээжийн 33万 хасалт орсон тул сард 9,300 иен (ээжийг оруулаагүй бол ≈12,300). Хэмнэлт 2028 оны 5 сар хүртэл сар бүр ирнэ.
Товчхондоо: ээжийгээ 2026 онд оруулснаар Болдын татвар 54,900 иенээр багасав: 所得税 19,400 (8–12 сард бага суутгасан 8,150 + 12 сарын буцаалт 11,250), 住民税 35,500 (2027 оны 6 сараас 12 сард хуваагдана). 2027 онд ээждээ дахин 38万 явуулбал дахин ийм хэмнэлт гарна.
Туршлагаас: түгээмэл алдаа
- Бэлэн мөнгө, эсвэл танилаар дамжуулж явуулсан. Хичнээн их явуулсан ч баримтгүй бол тооцогддоггүй бөгөөд «бэлнээр өгсөн» гэж өөрөө бичсэн мэдүүлгийг ч хүлээж авдаггүй. Хууль бус «далд банк»-аар явуулсан бол мөнгөө алдах эрсдэл ч бий.
- 30–69 насны гишүүнд явуулсан мөнгө 38万-д хүрээгүй. Оны эцэст 35万 явуулсан байвал тэр жил тэжээн тэтгэдэг гишүүнд тооцогдохгүй. 11 сар гэхэд нийт дүнгээ шалгаж, дутууг нь нөхвөл хөнгөлөлтөө алдахгүй.
- Олон жилийн мөнгийг нэг дор явуулсан. 3 жилийн мөнгийг нэг удаа явуулбал зөвхөн явуулсан жилд нь тооцогддог.
- Гишүүний насыг буруу тооцсон. Нас нь 12 сарын 31-ний байдлаар тооцогддог тул эцэг эх тань 70 хүрэх жилдээ 38万-ын нөхцөлгүйгээр орно.
- Нотлох бичиггүйгээр оруулаад орхисон. Шалгалтаар илэрвэл хасалтыг цуцалж, нөхөн татвар, алданги ногдуулдаг. Баримтаа 7 жил хадгалах нь зүйтэй.
Түгээмэл асуулт
Эхнэр/нөхөр маань Монголд байгаа бол яах вэ?
Эхнэр/нөхөр тэжээн тэтгэдэг гишүүнд биш, «эхнэр/нөхрийн хасалт» (配偶者控除) гэсэн тусдаа хасалтад хамаарна. Бичиг баримтын шаардлага нь адилхан: гэрлэлтийн гэрчилгээ, мөнгө явуулсны баримт.
Ураг төрлийн бичиг, орчуулгаа жил бүр дахин өгөх үү? Өнгөрсөн жилийнхээ бичгийг дахин ашиглаж болох уу?
Жил бүр өгнө. 扶養控除等申告書 өгөх бүрдээ ураг төрлийн бичгээ (эх хувиар, япон орчуулгатай) дахин өгөх ёстой. Компани өнгөрсөн жил эх хувийг чинь авч үлдсэн бол шинээр авна. Дүрэм бичгийг «өгөх» (提出) эсвэл зөвхөн «үзүүлэх» (提示)-ийг зөвшөөрдөг тул компани үзээд буцааж өгсөн бол тэр бичгээ дахин үзүүлж болох эсэхийг хүний нөөцөөсөө асуугаарай. Мөнгө явуулсны баримт зөвхөн тухайн жилийнх тооцогдох тул жил бүр шинэ.
Жилийн зөвхөн хагаст нь Японд ажилласан бол?
Тэр жилийн орлогоос тань хасна. Орлого бага бол хэмнэлт ч бага байж болно.
Хувиараа ажилладаг бол?
確定申告-доо бичиж, баримтаа хавсаргана.
Эцэг эх маань Монголд тэтгэвэр авдаг. Энэ нь орлогын хязгаарт тооцогдох уу?
Тийм. Гишүүний өөрийн орлого (тэтгэвэр, цалин) жилд 62万 иенээс бага байх ёстой бөгөөд Монголын тэтгэврийг иенд шилжүүлж тооцдог. Монголын ердийн тэтгэвэр энэ хязгаараас хамаагүй бага тул ихэнх тохиолдолд асуудалгүй.
Хүүхэд маань Монголд их сургуульд сурдаг, 25 настай. 38万 явуулах шаардлагатай юу?
Үгүй. 16–29 насны гишүүнд 38万-ын нөхцөл байхгүй тул ураг төрлийн бичиг, мөнгө явуулсны баримт хангалттай. 30-аас дээш настай бол гадаадад суралцаж буйг нотолсон бичиг (留学ビザ等書類) эсвэл 38万-ын баримт хэрэгтэй.
Жилд хэдэн удаа явуулах нь дээр вэ?
Хязгаар байхгүй. Сар бүр явуулбал баримт олон болж, жагсаалт гаргах шаардлагатай болно. Улирал бүр эсвэл хагас жил тутамд хүн бүрт тус тусад нь явуулах нь баримт цэгцтэй, шилжүүлгийн хураамж ч бага байдаг.
Холбоотой нийтлэл
- Татвар ба цалингийн суутгал
- 12 сарын тооцоо (年末調整) алхам алхмаар
- Тэжээн тэтгэдэг гишүүдийн мэдүүлэг: нүд бүрийн тайлбар
- Банкны данс, Монгол руу мөнгө шилжүүлэх
Эх сурвалж
- Үндэсний татварын алба — гадаадад байгаа гэр бүлийн хөнгөлөлт
- Үндэсний татварын алба — асуулт хариулт (PDF, 2026 оны 8 сард шинэчилсэн)
- Үндэсний татварын алба — 2026 оны өөрчлөлт (орлогын хязгаар 62万)
- Бүртгэлтэй мөнгөн шилжүүлгийн компаниуд (PDF)
Сүүлд шалгасан: 2026 оны 10 сарын 11. Хэмнэлтийн дүн ойролцоо тул ажил олгогч эсвэл татварын албанаас лавлаарай.
💬 Уншигчдын туршлага (0)
Одоохондоо туршлага алга. Энэ сэдвээр туулсан зүйлээ хамгийн түрүүнд хуваалцаж болно.